ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, ОЛБОРЛОХ, АШИГЛАХ 37 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬСАН

A- A A+
ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, ОЛБОРЛОХ, АШИГЛАХ 37 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬСАН

Баянхонгор аймгийн прокурорын газраас сүүлийн хоёр жилийн байдлаар хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах 37 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулснаас 12 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүхээс 20 хүнд холбогдох 7 хэргийг эцэслэн шийдвэрлэснээс 7 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, 13 хүнд торгох ял оногдуулж, 8 нэр төрлийн 34.6 сая төгрөгийн үнэлгээ бүхий техник, хэрэгслүүдийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан үндэслэлээр улсын орлого болгон шийдвэрлэсэн байна.

Тус аймгийн прокурорын газраас хууль бусаар ашигт малтмалт хайх, олборлох, ашиглах гэмт хэрэг зонхилон үйлдэгдэж байгаа сумдын иргэдэд  гэмт хэргийн ойлголт, оногдуулах хуулийн хариуцлагын талаар яриа таниулга хийж, урьдчилсан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулан ажиллаж байна. 

Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын Б.Лувсанцэрэн: ИРГЭД ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР АШИГТ МАЛТМАЛ ЭРЭН ХАЙХ НЬ ГЭМТ ХЭРЭГ ЮМ  

Баянхонгор аймагт хууль бусаар ашигт малтмал эрэн хайх гэмт хэрэг өсөх хандлагатай байна. Ялангуяа нөхөрлөл, хуулийн этгээдээс илүүтэй иргэд дээрх төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна. Шүүхээр шийдвэрлүүлсэн хэргээс харахад хувиараа хөдөлмөр эрхэлдэг, 31-44 насны иргэд энэ төрлийн хэрэгт холбогдон шалгагдсан байна. 

Иргэд холбогдох төрийн байгууллагаас тусгай зөвшөөрөл авалгүйгээр алт, байгалийн үнэт чулуу зэрэг ашигт малтмал эрэн хайж, газрын хөрсийг хуулсан, ухсан, металл хайгч тавих зэргээр дээрх гэмт хэргийг үйлдэж байна.

Тухайлбал, нэр бүхий иргэд бүлэглэн 2026 онд улсын тусгай хамгаалалттай газарт техник хэрэгсэл ашиглан газар ухаж, ашигт малтмалын эрэл хайгуул явуулан байгаль орчинд 3.8 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс тухайн иргэдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тус бүр 5.4 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, улмаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, жижиг оврын трактор, металл хайгч зэрэг техник хэрэгслүүдийг улсын орлого болгож, байгаль орчинд учирсан 3.8 сая төгрөгийн хохирлыг 3 дахин нэмэгдүүлж, 11.4 сая төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зөвхөн эрүүгийн хариуцлага хүлээлгээд зогсохгүй, хүрээлэн байгаа орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого, эд хөрөнгө, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг, техник хэрэгсэл болон тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгодог хуулийн зохицуулалттай гэдгийг иргэд ухамсарлах хэрэгтэй юм. 

Эрүүгийн хууль

24.2 дугаар зүйл.Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох

1.Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.