ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ

A- A A+
ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ

Прокурорын байгууллагаас хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шалгаж шийдвэрлэх, экологид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч байна.

Баянхонгор аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн хэргүүдээс тоймлон хүргэж байна.

- П.Б нь Баянхонгор аймгийн ... сумын нутаг дэвсгэрт 2022 оны 10 дугаар сарын 05-наас 07-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан буюу газрын хэвлийд халдаж байгаль орчинд 2 сая төгрөгийн шууд хохирол, нөхөн сэргээхтэй холбоотой 491.000 төгрөгийн хор уршиг учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох)-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс  П.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техникийн үнэлгээ буюу 16 сая төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

- А.Г, Б.Г нар бүлэглэн 2026 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн ... сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал эрэн хайж, газрын хэвлийд халдан 0.79 грамм шар өнгийн металл буюу алт олборлосон үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох)-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс А.Г, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 ширхэг металл хайгчийн үнэлгээ буюу 3.2 сая төгрөг, тээврийн хэрэгслийн (мотоцикль) үнэлгээ 2.5 сая төгрөг, нийт 5.7 сая төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, шүүгдэгч тус бүрийг 5.4 сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.